Сум хөгжүүлэх сан байгуулж, төсөл хөтөлбөрийг санхүүжүүлнэ

2021-03-15

Б.Мөнхболд: Сум хөгжүүлэх сан байгуулж, төсөл хөтөлбөрийг санхүүжүүлнэ

“Хургатай хайрхан” компанийн Тогтвортой хөгжил хариуцсан захирал Б.Мөнхболдтой ярилцлаа. Тэрбээр компанийн орон нутгийн хамтын ажиллагааг хариуцдаг юм.

“Хургатай хайрхан” компани орон нутагтай хэрхэн хамтарч ажиллах вэ?

НҮБ-аас баталж, манай улс нэгдсэн Тогтвортой хөгжлийн зорилгуудад тулгуурлан манай компани орон нутагт нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Ингэхдээ бид Цэцэрлэг сумын удирдлага болон иргэдтэй Хамтран ажиллах гэрээ байгуулна. Энэ гэрээний хүрээнд Хамтын ажиллагааны хороо байгуулна. Хороонд сумын удирдлага, иргэдээс бүрдсэн дөрвөн төлөөлөл, манай компаниас гурван төлөөлөл орж ажиллана. Уг хорооны шууд харьяалалд Сум хөгжүүлэх сан байгуулж, компанийн зүгээс сар бүр 25 сая төгрөг олгох юм. Нэг жилийн хуримтлал 300 сая төгрөг болно.

Энэ хуримтлалаар эрүүл мэнд, боловсролын үйлчилгээг чанаржуулах, орон нутгийн ажилгүйдлийг бууруулах, иргэдийн амьжиргааны түвшинг дээшлүүлэх зэрэг тогтвортой хөгжлийн зорилтуудын шаардлагыг хангасан төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлнэ.

Компаниас санхүүжүүлж хэрэгжүүлэх төслийг хэн сонгон шалгаруулах вэ?

Компани болон сум орон нутгийн удирдлагын шууд хамааралгүйгээр орон нутгийн иргэдийн олонхийн саналыг авч, дэмжигдсэн төслийг сонгон шалгаруулах учиртай. Багийн иргэдийн нийтийн хурлаар төслүүдээ хэлэлцүүлж, хамгийн олон санал авсан төслөө Хамтын ажиллагааны хороонд ирүүлнэ. Хороо нь төслүүдийг тогтвортой хөгжлийн зорилтуудад нийцэж буй эсэхээр нягтлан эцэслэн сонгож баталгаажуулах зарчмаар ажиллана. Мөн төслийг хэрэгжүүлэх, үр дүнг тооцохоос гадна олон нийтэд мэдээлэх үүргийг Хамтын ажиллагааны хороо хүлээх юм.

Хамтын ажиллагааны гэрээнд ямар асуудлууд тусгагдах вэ?

Хамтын ажиллагааны гэрээ бол хуулийн шаардлага. Дээр нь “Хургатай хайрхан” компанийн нийгмийн хариуцлагын асуудал. Тухайн суманд үйл ажиллагаа явуулж эхэлснээр манай компани хуулийн дагуу татвар хураамжаа бүрэн төлнө. Үүнээс гадна сум орон нутгийн иргэдэд үр өгөөжийг тэгш, хүртээмжтэй хүргэж, амьдралд нь мэдэгдэхүйц өөрчлөлт авчрах төсөл хөтөлбөрүүдэд хөрөнгө оруулахыг зорино. Тухайлбал, уурхайд ажиллах 1000 гаруй ажилчдын 50-иас доошгүй хувийг орон нутгаас бүрдүүлэхээр төлөвлөж байна. Хөвсгөл аймаг, Цэцэрлэг сумын иргэдийг нэн тэргүүнд ажлын байраар хангахаар гэрээндээ тусгана. Мөн энэ гэрээнд компанийн баримтлах байгаль орчны бодлого, түүний хэрэгжилтэд иргэдийн оролцоог хангах асуудал зайлшгүй тусгагдана.

Хамтын ажиллагааны хорооны бүрэлдэхүүнийг хэрхэн сонгох вэ? Орон нутгийн дөрвөн төлөөлөлд ямар хүмүүс багтах вэ?

Сумын удирдлага болон иргэдийн төлөөлөл байна. Мөн тухайн суманд үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагын төлөөлөл орох боломжтой. Сонголтыг манай компани хийхгүй. Нутгийн иргэдийн дэмжиж сонгосон төлөөлөл ажиллавал энэ хорооны үйл ажиллагаа илүү нээлттэй, тогтвортой явагдана.

“Хургатай хайрхан” компанийн баримталдаг Тогтвортой хөгжлийн зорилго нь хүний амьдралын чанарыг сайжруулах. Өөрөөр хэлбэл байшин барилга барихаас илүүтэй иргэдийг чанартай боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээгээр хангах, ажилтай орлоготой болгох асуудал. Тиймээс компанийн санхүүжүүлэх төслүүд энэ чиглэлд хандах ёстой юу?

Манай компаниас тавих үндсэн шаардлага энэ. Цэцэрлэг суманд ажиллаж, амьдарч байгаа иргэд, тэдгээрийн амьдрал ахуйд тэгш хүртээмжтэйгээр шууд нөлөөлж, сайжруулах төсөл хөтөлбөрт санхүүжилт олгоно.

Нутгийн иргэдийн зүгээс Хамтын ажиллагааны гэрээнд ямар асуудлуудыг тусгах саналтай байна вэ?

Бид ихэвчлэн гуравдугаар багийн иргэдтэй уулзаж, компанийнхаа таван жилийн төлөвлөгөө, хэрхэн ажиллах тухайгаа танилцуулаад байна. Иргэдийн зүгээс байгаль орчны асуудал болон хамтын ажиллагааны гэрээг нэлээд сонирхож байна. Дийлэнх нь компани зохих зөвшөөрлөө аваад, уурхайн үйл ажиллагаа эхэллээ гэхэд компанийн зорьж төлөвлөж байгаа ажлууд хэрэгжих баталгаатай эсэхийг лавлаж байна.

Тэгвэл компани ямар баталгаа өгөх вэ?

Хамтын ажиллагааны гэрээнд компанийн хүлээх үүргийг тусгаж байгаа. Тэнд компанийн талаас байгаль орчныг хамгаалах чиглэлээр хийх ажил болон нийгмийн хариуцлагаа хэрхэн хэрэгжүүлэх чиглэлд тодорхой үүргүүдийг зааж өгнө. Гэрээний хэрэгжилтийг хангуулах, хяналт тавихад иргэдийн оролцоог сайтар хангаснаар гэрээ биелж, үндсэн зорилгоо хангаж чадах юм.

Байгаль орчны асуудал гэснээс Овоотын уурхайн талбай нь Тэсийн голын эх, Булнайн нурууны тусгай хамгаалалтын бүсээс хэр зайд байдаг вэ?

Монголчууд гол усны эхийг нандигнан хайрлаж хамгаалдаг уламжлалтай ард түмэн. Голын эх татарвал тухайн голын урсац ширгэж тасардаг тул тэгж эрхэмлэн хамгаалж ирсэн. Мөн голын голдирол өөрчлөх, хайрга дайргыг хөндсөн тохиолдолд гол ширгэдэг тул үүнийг ихэд цээрлэн, цэрвэдэг уламжлалтай.

2019 онд УИХ-ын тогтоолоор Тэсийн голын эх, Булнайн нурууг байгалийн цогцолборт газрын ангиллаар улсын тусгай хамгаалалтад авсан. Тусгай хамгаалалттай газрын тухай хуулиар хамгаалалтын бүсэд уул уурхайн үйл ажиллагаа явуулахыг хориглодог. Хэрвээ хамгаалалтын бүсэд уул уурхайн лиценз байгаа тохиолдолд шууд цуцлах хуультай. Манай компанийн лицензийн талбай Булнайн нуруу, Тэсийн голын тусгай хамгаалалтын бүсийн хойд хилээс 7 км-ын зайд байгаа.

Мөн Усны тухай хуулийн 22.3-д Усны сан бүхий газрын эргээс 200 метрээс доошгүй зайд энгийн хамгаалалтын бүсийг тогтоодог. Энгийн хамгаалалтын энэ бүсэд уул уурхайн үйл ажиллагааг хориглодог. Дээрх хууль гарснаар ийм бүсэд олгогдсон лицензүүдийг бүгдийг цуцалж, усны сангаа хамгаалалтад оруулсан. Манай компанийн лицензийн талбай тусгай хамгаалалттай газар нутгийн хил болон усны хамгаалалтын бүсийн гадна оршдог гэсэн үг юм.

Талбайн нөхөн сэргээлтийг уурхайн ашиглалттай хамт явуулах юм байна. Ухсан нүх, овоолсон шороо үлдэхгүй гэсэн үг үү?

Манай уурхайн нөөц Бүрхээр толгойгоос Адуу суудаг хүртэлх газрыг хамаардаг. Бид нэг дор бүх талбайн хөрсийг хуулж, их хэмжээний олборлолт хийхгүй. Таван жилийн хугацаанд уртаашаа 1км, өргөнөөрөө 500 метр үргэлжлэх талбайд үйл ажиллагаа явуулна. Энэ газрын ашиглалт дуусаад дараагийн газар руу шилжихдээ өмнө олборлосон талбайнхаа нөхөн сэргээлтийг эхлүүлнэ. Техникийн нөхөн сэргээлтийг нэг жилийн дотор хийнэ. Харин биологийн нөхөн сэргээлт буюу ургамалжуулах ажил 2-3 жил үргэлжилнэ. Ашигласан талбайн нөхөн сэргээлт дөрвөн жил үргэлжилж, хүлээлгэн өгөөд дараагийн газрын сэргээлтийг эхлүүлэх зарчмаар ажиллана. Ингэснээр уурхай хаагдах үед өмнө ашигласан бүх газар нөхөн сэргээгдэж, сүүлийн таван жил олборлосон талбайг нөхөн сэргээх ажил л үлдэнэ гэсэн үг. Товчхондоо бид одоогийн уурхайнууд шиг ашиглаж дууссаныхаа дараа нөхөн сэргээнэ гэж цаг алдахгүй. Нэг талбайд олборлолт явагдаж байхад нөгөө талбайд нөхөн сэргээлт хамт хийгдээд явах юм.

Уул уурхайг дагаад орон нутгийн жижиг бизнесүүд хөгжиж, уул уурхайд нийлүүлэлт хийдэг. Хүнсний бүтээгдэхүүнээс эхлээд ажлын хувцсыг орон нутгийн бизнес эрхлэгчид нийлүүлэх боломж нээгддэг. Энэ чиглэлээр орон нутгийн иргэдээс хандаж байна уу?

Нутгийн иргэдийг ажилд авах нь иргэдийн амьжиргаанд сайнаар нөлөөлөх шууд нөлөөллийн нэг хэлбэр. Харин худалдан авалт бол шууд бусаар ажлын байр нэмэгдүүлэх, амьжиргааны түвшинг дээшлүүлэх боломж юм. Нутгийн бизнес эрхлэгчид бидэнтэй уулзаж байна. Оёдлын цехтэй хүн уурхайн ажилчдын ажлын хувцсыг оёж нийлүүлье гээд ирж байна. Бид ажилчдынхаа хоол хүнсний мах, сүүг орон нутгаас хангахаар төлөвлөж байгаа. Энэ нь эргээд манай компанийн хувьд ч зардал хэмнэх боломж юм. Улаанбаатараас эсвэл өөр аймаг, хотоос худалдан авалт хийхэд тээврийн зардал зэрэг нь компанийн зардлыг нэмэгдүүлдэг. Нөгөө талаас орон нутгийн иргэд ченжүүдээр дамжуулалгүй зах зээлийн үнээр бараа, материалаа шууд борлуулах боломж нээгдэх давуу талтай.

Та уул уурхайн салбарт цөөнгүй жил ажилласан туршлагатай. Уул уурхайн үйл ажиллагаа шинээр эхлэхэд тухайн орон нутагт ямар өөрчлөлт гардгийг нүдээр харсан хүмүүсийн нэг. Овоотын уурхай ажиллаж эхэлснээр Цэцэрлэг суманд ямар өөрчлөлт гарах бол?

Цэцэрлэг сумынхан ажилтай, завгүй хүмүүс болно. Заавал манай уурхайд ажиллаагүй байлаа ч ханган нийлүүлэгч болж болно. Талх, сүүний цехдээ, тэжээлийн талбайдаа ажилласан завгүй хүмүүс л байх болов уу гэж төсөөлж байна.

Ажилтай орлоготой хүмүүсийн амьдралд эрс өөрчлөлт гардаг. Би 2010 онд Ухаахудаг-Гашуунсухайтын авто замын төсөлд ажиллахаар Өмнөговь аймгийн Цогтцэций суманд очиж байлаа. Цогтцэций сум хоёр жилийн дотор нүдэн дээр танигдахын аргагүй өөрчлөгдсөн. Үйлчилгээний байгууллагууд олширч, тэнд зах зээл бий болсон. Үүнийг дагаад ажлын байр нэмэгдсэн. Ажилгүй иргэдийн тоо цөөрч, иргэдийн амьжиргаа эрс сайжирсан.

Мэдээж, Овоотын уурхайг Тавантолгойнхтой харьцуулах аргагүй. Ашиглалтын талбай болоод хөрс хуулалтын цар хэмжээгээр манайхтай харьцуулах боломжгүй том. Тэр хэрээр тоосжилт их. Хамгийн гол нь эхнээсээ хатуу хучилттай авто зам бариагүйн улмаас шороо тоосны асуудал их гарсан. Замтай болж байж асуудал шийдэгдэн, нөхцөл байдал нь сайжирсаар байна. Үүнд орон нутгийн иргэдийн шаардлага ч их нөлөөлдөг. Учир нь уул уурхайн компаниуд байгаль орчин, нийгмийн хувьд хариуцлагатай байхын нэг том үндэс нь иргэдийн шаардлага байдаг.

Ярилцсан В.Батцэцэг

© 2022 он. Хургатай Хайрхан. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.