“Зүрх мартахгүй” төслийн багтай хамтран ажилласан тухай

2021-06-30

Зүрхний төрөлхийн гажиг дэлхий нийтэд түгээмэл тохиолддог бөгөөд манай улсад ч мөн зайлшгүй мэс заслын эмчилгээ хийлгэх шаардлагатай зүрхний төрөлхийн гажигтай хүүхэд олон байдаг байна. Гэвч санхүүгийн байдлаас, мөн ийм төрлийн мэс заслыг манай улсад тогтмол хийх боломжгүйн улмаас олон хүүхэд удаан хүлээх хэрэгтэй болж, эсвэл гадаадаас эмч, тусламжийн баг ирэхийг хүлээдэг байсан. Хот суурин газрын хүүхдүүдийн хувьд нарийн мэргэжлийн эмчийн үзлэгт хамрагдаж, онош тогтоолгож, мэс заслын эмчилгээ хийлгэх илүү боломжтой байдаг бол хөдөө орон нутаг, алслагдсан аймаг сумдад амьдарч буй хүүхдүүдэд энэ нь бэрхшээлтэй билээ.

Манай компани орон нутгийн иргэдэд зориулсан тогтвортой хөгжлийн хөтөлбөрийн хүрээнд Зүрх судасны мэс засалч, анагаах ухааны доктор, гавьяат эмч УБ-Сонгдо эмнэлгийн ерөнхий захирал Б.Болдсайханы үүсгэн байгуулсан хүүхдийн зүрх судасны өвчнийг оношлох, эмчлэх “Зүрх мартахгүй” төслийн “Хязгаараас Чинад” багийнхантай хамтран ажиллаа.

Ц.Бямбацоож ахлагчтай “Хязгаараас Чинад” багийнхан энэ удаа Завхан, Увс аймгийн хилийн сумдаар явж үзлэг хийхээр төлөвлөсөн байлаа. Дэд захирал Д.Ганбаатар багийнхантай уулзаж хүсэлт тавьсны үр дүнд Хөвсгөл аймгийн Цэцэрлэг болон Цагаан-Уул сумын эмчийн хяналтад байдаг хүүхдүүдийг үзлэгт хамруулахаар болсон юм. Завхан Увс аймгийн хилийн сумдад үзлэг хийх шахуу бөгөөд нарийн төлөвлөгөөтэй багийг Хөвсгөл аймгийн нутгаар дайруулах үнэхээр ямар ч боломжгүй байлаа. Багийнхантай зөвлөлдөж замд нь буюу Завхан аймгийн Тосонцэнгэл сумын нутагт үзлэгийг зохион байгуулахаар болсондоо ихэд олзуурхав. Цэцэрлэг, Цагаан-Уул сумынхан хойноос Булнайн нурууны Согоотын даваа даваад ирэхэд төвөг чирэгдэл багатай. Багийнхан ч зам хазайж төлөвлөгөөндөө өөрчлөлт оруулах шаардлагагүй зөв шийдэл боллоо.

Ингээд бид Тосонцэнгэл сумын нутаг Мэргэн хөтлийн баруун талд айлын намаржааны газрыг сонгон 2 гэр барьж эмчийн үзлэгийг зохион байгуулахаар бүхий л ажлыг нарийн төлөвлөлөө.

1 гэртээ 2 эмч зэрэг үзлэг хийх бололцоог хангаж, сумын эмч болон хүүхдүүдийн асран хамгаалагч нар тухтай сууж хүүхдээ үзүүлэх боломжтойгоор сандал ширээг байршуулж, нөгөө гэртээ багийнхан болон эмчид үзүүлэхээр ирсэн хүүхдүүд болон асран хамгаалагч нарын хоолыг бэлдэхээр тохижууллаа.

Энэхүү ховорхон олдох боломжийг ашиглахаар Цэцэрлэг сумынхан маань 3 цаг, Цагаан-Уул сумыхан маань 4 цаг явж болзсон газраа ирээд товлосон хугацаанд үзлэг маань эхлэв. Цэцэрлэг сумын их эмч, Цагаан-Уул сумын их эмч болон засаг дарга нар хүүхдүүдээ дагуулаад эмнэлгийн машинаараа ирсэн нь бидний зохион байгуулсан ажил ямар чухал ач холбогдолтойг харуулж байгааг илтгэнэ.

 

Үзлэг өндөрлөж багийнхан дараачийн сум буюу Нөмрөг сум руу хөдөлж, 2 сумын хүүхдүүд маань гэрийн зүг хөдөллөө.

Эмчийн үзлэгт хамрагдах хүүхдүүдээ дагуулж ирсэн Цэцэрлэг сумын ЭМТ-ийн дарга Б.Солонго, Цагаан-Уул сумын ЭМТ-ийн их эмч М.Энхцэцэг мөн Цагаан-Уул сумын засаг дарга С.Гончигням нарт талархал илэрхийлье. Үзлэгт хамрагдсан бүх хүүхдэд компаний зүгээс гарын бэлэг гардуулсанд хүүхдүүдийн асран хамгаалагч нар болон “Хязгаараас Чинад” багийнхан талархан хүлээн авсан.

Үзлэгт хамрагдсан хүүхдүүдээс Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын гурван хүүхэд мэс заслын эмчилгээ хийлгэхээр болсон, манай компани мэс заслын эмчилгээний зардлыг ивээн тэтгэхээр ажиллаж байна.

“Зүрх мартахгүй” төслийн талаар товчхон.

  • Төслийг МУ-ын Гавъяат эмч АУ-ны доктор Б. Болдсайхан болон Сонгдо эмнэлгийн хамт олон 2020 оны 5-р сард эхлүүлсэн.
  • Одоогийн байдлаар 40 гаруй хүүхдэд нэр шаардлагатай зүрхний мэс засал хийсэн бөгөөд бүгд амжилттай болсон.

Тус төслийн баг 2021 он гэхэд 100 хүүхдэд, 2027 он гэхэд 1000 хүүхдэд мэс засал хийхээр төлөвлөж байгаа.

Зураг дээр: Зүүн гар талаас

“Хургатай хайрхан” ХХК-ийн дэд захирал Д.Ганбаатар, Мэдээллийн технологийн инженер Э.Одбаяр, СонгДо эмнэлгийн их эмч АУД Б.Хашчулуун, Цагаан-Уул сумын их эмч М.Энхцэцэг, МУГЭ Б.Болдсайхан, Цэцэрлэг сумын ЭМТ-ийн дарга, их эмч Б.Солонго, Хургатай хайрхан ХХК-ийн орон нутагтай харилцах хэлтсийн дарга Т.Цогбадрах, харуулын албаны дарга бэлтгэл дэд хурандаа О.Аззаяа.

Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Идэр багийн нутагт, 2021.06.27.

© 2022 он. Хургатай Хайрхан. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.